"МОНГОЛ УР ЧАДВАР-2025" УЛСЫН УРАЛДААНЫ II ШАТНЫ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО
9-12-2025, 17:56
Боловсролын ерөнхий газар болон “Дэлхийн ур чадвар Монгол” НҮТББ-аас хамтран зохион байгуулж буй “МОНГОЛ УР ЧАДВАР-2025” уралдааны ЦАХИЛГААН ХАНГАМЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АШИГЛАЛТ (071316) мэргэжлийн II шатны шалгаруулалт 2025 оны 12 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа.
Барилгын политехник коллеж дээр өрнөсөн энэ удаагийн тэмцээний нээлтэд Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, “World skills Mongolia” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Чулуун-Эрдэнэ, Цахилгаан, Холбоо, Автоматикийн Инженерүүдийн Холбооны ерөнхийлөгч А.Бямбасүрэн, Барилгын Политехник Коллежийн захирал Т.Амарзаяа нар оролцлоо. Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “...Энэ удаагийн тэмцээний зохион байгуулалтад мэргэжлийн холбоод оролцож байгаагаараа тун онцлог байна. Мэргэжлийн холбоод оролцоно гэдэг нь төрийн байгууллага, сургуулиуд тэдэнтэй хамтарч дэлхийн мэргэжилтэй боловсон хүчинд тавигдаж байгаа шаардлагад нийцүүлж зохион байгуулж байна гэсэн үг. Энэ агуулгаараа Монголын мэргэжлийн боловсролын хөтөлбөр, Монголын мэргэжлийн боловсролын багш нар, тэдний арга зүй, технологи, мэргэжлийн боловсролд хэрэглэгдэж байгаа сургалтын хэрэглэгдэхүүн, гарын авлагууд дэлхийн хэмжээнд нийцэх ажлын эхлэл болж байна” хэмээн онцолсон.
Тэмцээнд цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт (Electrical Installations)-ын төрлөөр мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын нийт 22 байгууллагын I шатны шилдэг оролцогчид 6 цагийн турш ур чадвараараа өрсөлдсөнөөс тэргүүн байрыг Налайх дүүрэг дэх ПК-ийн Б.Даваажав эзэлж, дэд байрыг Увс аймаг дахь Улаангом ПК-ийн суралцагч Г.Банзрагч, гутгуур байрыг Дорноговь ПК-ийн Ч.Дөлгөөн, 4-р байрыг Техник технологийн ПК-ийн М.Пүрэвбаатар, 5-р байрыг Баянхонгор ПК-ын У.Түвшинбуян нар эзэллээ.
Шилдгээр шалгарсан эдгээр 5 оролцогч дараагийн шатны тэмцээнд өрсөлдөж, I байр эзэлсэн оролцогч ур чадварын олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох юм.
“МОНГОЛ УР ЧАДВАР-2025” уралдааны ЦАХИЛГААН ХАНГАМЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АШИГЛАЛТ мэргэжлийн II шатны тэмцээний ивээн тэтгэгчдийн нэг “Түүлс маркет” ХХК-иас нийт оролцогчдод гарын бэлэг өгч, тэмцээнд нь амжилт хүссэн бол “Новаповер Тех” ХХК-иас шилдэг 5 оролцогч болон Сүхбаатар аймаг дахь МСҮТ-ийн Ч.Шаравт өөрийн компанийн нэрэмжит шагналыг, Төв аймгийн Баянчандмань суман дахь ПК-ийн суралцагч Б.Алтанзулд онцлох оролцогчийн шагналыг, Шинэ иргэншил ПК-ийн Д.Отгонбилэгт ХАБЭА-н шаардлага хангаж ажилласан шилдэг оролцогчийн шагналыг тус тус гардуулсан. Түүнчлэн "Монкабель системс" ХХК тэмцээний явцыг баримтжуулж, шууд хяналтыг камерын системээр хангаж ажиллалаа.
Энэ удаагийн уралдааны зохион байгуулагчаар Цахилгаан, Холбоо, Автоматикийн Инженерүүдийн Холбоо НҮТББ ажиллаж, "Арвис системс" ХХК, "Новаповер тех" ХХК, "Гексаэдр Клауд" ХХК, "Нойкрафт" ХХК, "Тотал түүлс" ХХК, "БТСЛ" ХХК, Барилгын Политехникийн Коллеж, "И энд Си Инженеринг" ХХК, "Монкабель системс" ХХК-иуд ивээн тэтгэж, хамтрав.
